Хонь бол таван хошуу мал дотроосоо хамгийн дулаан ноостой бөгөөд гоёмсог үслэг амьтан юм. Гадаад орнуудад хонины нэхийгээр савхи хийхээсээ илүү үслэг эдлэл чигээр нь боловсруулах сонирхол их байдаг.
Хонины нэхийгээр нэхий дээл, бээлий, малгай, шаахай, суудлын бүрээс, хивсэнцэр, олбог, тохом, эмээлийн суудал, арьсан гутал, хувцасны доторлогоо, гутлын улавч, арьсан элгэвч гэх мэт олон бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Ажилчин | Нэг хүн |
Хөтлөгч | Цахилгаан |
Элдэгчийн өргөн | 183мм |
Хүчин чадал | 80-110 нэхий/цаг |
Үндсэн хөдөлгүүрийн чадал | 5.5 квт |
Вакуум төхөөрөмжийн чадал | 3 квт |
Нийт цахилгаан зарцуулалт | 8.5 квт/цаг |
Хүрдний эргэх хурд | 750-800 эрг/мин |
Элдүүр хийх талбай | 0.72м х 1.3м |
Хүндийн жин | 270 кг |
Хэмжээ | 810мм х 1460мм х 1480мм |
Баталгаа | Нэг жил |
Чийглэг нэхий элдэгчийн үнэ | 12000 юань |
Хуурай нэхий элдэгч+үртэс сорогчийн үнэ | 14000 юань |
Үнийн саналд үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал шингэсэн болно. Ер нь Хятадын том үйлдвэрүүд улсынхаа бүх нутаг дэвсгэрт бүтээгдэхүүнээ үнэгүй хүргэж өгдөг. Энэ бол тухайн үйлдвэрээс түншүүддээ үзүүлж байгаа худалдааны урамшуулал юм.
Нэхий элдэгч машин нь хоёр төрөл байдаг. Үүнд:
- Хөнгөн цагаан бултай - хуурай нэхий элдэгч,
- Чулуун бултай - чийглэг нэхий элдэгч
Хөнгөн цагаан бултай элдэгч машин нь нэхийг уян зөөлөн болгох зориулалттай бол чулуун бултай элдэгч машин нь зузаан нэхийг үрж, нимгэлэх зориулалттай байдаг.
Зураг дээр: Нэхийг элдэж байх явцад гарсан үртэс, хог, хаягдалууд
Нэхийг элдэх үед их хэмжээний жижиг үртэс ялгардаг. Тэдгээр нь ажилтаны ам хамраар орж, амьсгалын замын эд эрхтэнг гэмтээх муу талтай тул тусгай үртэс зайлуулагчыг хэрэглэдэг. Энэхүү үртэс зайлуулагч вентиляторыг нэмж захиалбал 2000 юаний үнэтэй байдаг.
Сум орон нутагт бага оврын нэхий элдэх болон ноос угаах үйлдвэр байгуулбал ямар ямар тоног төхөөрөмж хэрэгтэй болох тухай бяцхан мэдээлэл өгье. Үүнд
№ | Тоног төхөөрөмжүүд | Үнэ | Тайлбар |
1 | Ноос болон нэхий угаах машин | 11000 юань | Нэг ээлжиндээ 50 кг ноос болон нэхий угаана. 15-20 минутанд угааж дуусгах хүчин чадалтай. |
2 | Ноос болон нэхийний ус сэгсрэх машин | 7500 юань | Нэг ээлжиндээ 45 кг ноос болон нэхий сэгсрэнэ. 5-10 минутанд сэгсэрч дуусгах хүчин чадалтай. |
3 | Чийглэг нэхий элдэх машин | 12000 юань | Цагт 80-100 ширхэг нэхий элдэа хүчин чадалтай. Нэхийг нимгэлэх, халимлах зориулалттай. |
4 | Хуурай нэхий элдэх машин | 12000 юань | Цагт 80-100 ширхэг нэхий элдэа хүчин чадалтай. Нэхийг өнгөлөх, зөөлрүүлэх зориулалттай |
5 | Үртэс зайлуулагч | 2000 юань | Нэхий элдэх үед гарах хаягдал, үртэс зэргийг сорох зориулалттай. |
6 | Улаанбаатар хүртэл тээврийн зардал | 2500 юань | Энэхүү тээврийн зардалыг ойролцоогоор тооцлоо. Учир нь Хятадаас Улаанбаатар хүртэл тээвэр хийдэг жолооч нарын тээврийн тарифт тогтсон ханш гэж байдаггүй. Тэд тохиролцоогоор бүх асуудлыг шийддэг. |
Нэмэлт төхөөрөмжүүд
1 | Нэхий идээлэх ган | Өөрөө хийнэ. | Нэхий идээлэх ганг өөрсдөө хийж болно. Болж өгвөл модоор хийвэл сайн. Төмөр бол зэвэрч мууддаг. Нэхий элдэх ган нь дотроо 7 тасалгаатай байна. Нэхийг ганд 7 хоног хийх тул гангийн тасалгаа бүр гарагын нэртэй байна. Тухайлбал: Даваа гарагын нэртэй тасалгаанд байгаа нэхий дараа долоо хоногын Даваа гарагт эцсийн боловсруулалтанд орно. |
2 | Нэхий хатаах сараалж | Өөрөө хийнэ. | Угольник төмрөөр рам зангидаж хийсэн төмөр торонд нэхийг сайтар татаж сунгаад цовдлон сэврээнэ. Сэврээж хатаах өрөө нь 40 хэмийн халуун, агааржуулагчтай байвал нэхий хурдан сэврэнэ. |
3 | Нэхий самнах сам | Ямааны ноолуур самнах сам байхад болно. | |
4 | Нэхий дэвтээх ванн | Өөрөө олно | Хуучин хэрэглэхгүй болсон халуун усны ванн байхад болно |
5 | Ажлын ширээ | Өөрөө хийнэ. | Хэд хэдэн нэхий дэлгээд тавьж болох урт нарийн ширээ байх хэрэгтэй. Энэ ширээн дээр нэхийг хяргах, тосолгоо хийх, захлаж хайчлах, сор тавих зэрэг үйлдлийг хийж гүйцэтгэнэ. |
Дээр дурьдсан үндсэн 3 төрлийн машинтай байх юм бол намар, өвөл, хаврын улиралд нэхий боловсруулаад зуны цагт ноосоо угаагаад байх боломжтой тул манай сум орон нутагт нэн хэрэгцээтэй үйлдвэрлэл болно.
Эдгээр тоног төхөөрөмжүүд захиалга хийснээс 7-10 хоногт бүгд нийлээд 47000 юаньд Улаанбаатар хотод нийлүүлэгдэнэ.
Сонирхсон аж ахуйн нэгж, хүвь хүмүүс 95859000 болон 94255510 гэсэн утсуудаар ажлын цагаар харилцаарай.
www.terbumtan.com сайтын захирал Ц.Энхтайван.
Энэхүү тоног төхөөрөмжийг танилцуулсаны дараа олон хүн нэхий элдэх процессийн талаар надаас асууж байлаа.
Нэхий элдэхэд хутга, давс, нүүрс хүчлийн натрийн давс (Sodium carbonate - Na2CO3 өөх тосыг саармагжуулагч нунтаг цагаан бодис буюу угаалгын сод нь), зөөлөн угаалгын бодис (Woolite - Ноос угаагч зориулалтын бодис), Нэхий тослогч (өндөгний шар болон глицерин), арьс үсний будаг, ус, угаалга хийх резинэн бээлий, ажлын бээлий, нэхий дэвтээх ванн хэрэгтэй. Дөнгөж төхөөрсөн хонины нэхийг элдэхэд хялбар байдаг.
Иймд би байгаль орчинд хор хөнөөлгүйгээр нэхий элддэг Австраличуудын технологийг танд танилцуулъя.
- Хонины нэхийг хүлээн авч ангилан ялгалт хийнэ. Эцсийн бүтээгдэхүүн хийхэд тохиромжтой, будаг түрхээгүй, гэмтэлгүй байх гээд үйлдвэрлэлд шаардлагыг хангасан нэхий байна.
- Шинэхэн нэхийг удаан хугацаагаар хадгалахын тулд давсалдаг.
- Давсласан нэхийг боловсруулахын өмнө цэвэр усаар угаан, дэвтээж өгдөг.
- Юуны өмнө нэхийнд наалдсан том хог шороог цэвэрлэх хэрэгтэй. Мөн нэхийний хэрэгцээгүй хэсгийг хутгаар огтлож авна.
- Хэрэв нэхийнд мах болон өөх үлдсэн бол халимлаж цэвэрлэнэ. Нэхий нь чийглэг байх тусам халимлахад илүү амархан байдаг.
Зураг дээр: Нэхий халимлаж байгаа нь. Нэхийг халимлахын тулд гуалингаар 40см орчим диаметр бүхий ширээ хийж өгвөл халимлахад хялбар болно.
Зураг дээр: Нэхий халимлагч хутга. Манайхан хадлангийн шимээсгээр халимладаг туршлага бий. Гэвч шимээсэг хэрэглэж байгаа бол гарт эвтэйхэн бариул хийж өгөх хэрэгтэй.
Зураг дээр: Нэхийг халимласаны дараа
- Ангилан ялгаж авсан нэхийгээ НООС УГААХ МАШИН-аар (Энэ холбоосоор орж үзээрэй) угааж, ноос болон хөрсөнд нь байгаа тослог, хог шороо, хир буртгыг цэвэрлэнэ. Угаахын тулд эхлээд халуун усанд угаалгын нунтагаа хийж уусгана. Нэхийний тосыг сайтар авахын тулд тос шингээгч бодис буюу гал тогооны сав угаагч Ferry хэрэглэж болдог. Аль болох зөөлөн угаалгын бодис хэрэглэнэ. Цайруулагч болон спиртийн найрлагатай угаалгын бодис хэрэглэж болохгүй. Нэг литр усанд 3гр угаалгын бодис, 20 гр хүнсний йодгүй давс байхаар тооцно.
- Нэхийгээ цэвэрхэн болтол нь сайтар угааж, цэвэр усаар зайлна.
- Угааж, цэвэрлэсэн нэхийгээ идээлүүлнэ. Идээлүүлэхийн тулд давс болон цөр (alum)-ын уусмал хэрэглэдэг. Манайхан хужир шүү, цагаа хэрэглэж идээлүүлдэг уламжлалт аргатай.
- Ганд нэхийг 7 хоног идээлүүлнэ. Идээлүүлэх хугацаанд өдөрт хэд хэдэн удаа хутган хөдөлгөж өгнө. Долоо хоногын дараа идээлүүлсэн нэхийгээ цэвэр усанд зайлна.
- Идээлүүлсэн нэхийгээ НООС СЭГСРЭГЧ МАШИН-д (Энэ холбоосоор орж үзээрэй) оруулж сэгсэрч, сэврээнэ.
- Идээлсэн нэхийнд тосолгоо хийнэ. 3 ширхэг өндөгний шар, 100 гр глицерин хольж хутгаад, багсаар жигд түрхэж өгнө. Тослосны дараа хөрсөөр нь эвхээд, 3-4 цаг шингээн амраахад нэхий зөөлөрнө.
- Нэхийг зөв хатаах юм бол чанар нь алдагддаггүй. Нэхийг угаасаны дараа хатаах, будаг оруулах процессийг хийсний дараа НЭХИИ ХАТААГЧ машинд оруулж хатаах хэрэгтэй. Зуны цагт бол хэт хурц наранд хатааж болохгүй. Аль болохоор сүүдэр газар аргадаж хатаах хэрэгтэй байдаг.
- Нэхийний үсэнд үсний будгаар сор хийж өгвөл гоёмсог харагдана. Энэ бол урлал юм.
- Нэхийг бүрэн хатахаас өмнө элдүүр хийнэ. Элдэхийн өмнө тал талаас нь сайтар тэлж татаж өгвөл сайн. Элдүүр хийхдээ хүчтэй зулгааж болохгүй. Шаардлагатай бол уушгин чулуу болон зүлгүүрээр зүлгэж өгч болно. Хэрэв нэхийнд цоорхой байх аваас оёж өгнө. Нарийн зүлгүүрээр зүлгүүрдэх нь хөрсний өнгийг цэвэрхэн харагдуулдаг.
- Сэврээсэн нэхийгээ дээр танилцуулж байгаа машинаар элдэж зөөлрүүлнэ. Элдэж байгаа нэхий нь их хатсан байж болохгүй.
Зураг дээр: Ноосыг нь самнаж байгаа нь. Ноос хяргагч машинаар үсийг нь жигдхэн өндөртэй болгож болно.
Нэг нэхийг элдэж боловсруулах процесс 8-9 хоног болно.
Зураг дээр: Нэхий хатаах машин
Зураг дээр: Нэхий дэлгэж тавих тавиурууд
{flv}wheeling{/flv}
2017 оны 3 сарын 16-20 өдрүүдэд би Хятад улсын нэхий боловсруулах жижиг үйлдвэрүүдээр аялахаар шийдсэн юм.
Учир нь Ховд нутгийн найз Эрдэнэчулуун маань нэхий элдэх машины анхны захиалгыг хийсэн болохоор үйлдвэр дээр очиж чанарын шалгалт хийх саналаа үйлдвэрт уламжлав.
Монгол улсад маш их эрэлттэй байгаа энэхүү машины худалдааг дэмжиж байгаа миний бие үйлдвэрлэгчийн урилгаар очиж, бяцхан сурвалжлага бэлтгэлээ.
Зураг дээр: Арьс нэхий боловруулах тоног төхөөрөмжийн үйлдвэрийн эзэн 73 настай өвгөн Байбо гуай болон түүний хүүтэй (Үйлдвэрийн гүйцэтгэх захирал) хамт дурсгалын зураг авхууллаа.
Үйлдвэрийн эзэн өвгөнд орон орны түншүүд нь архи бэлэглэдэг уламжлалтай юм байна. Түүний үнэт цуглуулгыг үзээд маш олон оронд нэхий элдэгч машинаа экспортлодог юм байна гэсэн бодит ойлголт төрсөн юм.
Үндсэндээ Монголд хэрэгжүүлж болох л үйлдвэрлэл байна. Тийм ч хэцүү ажил биш. Ямар ч байсан миний орж танилцсан хоёр үйлдвэр боловсруулж байв. Тийм ч том биш байсан.
Зураг дээр: Нэхий боловсруулах үйлдвэр дээр. Энд хагас чийглэг хонь ямааны элгийг индүүдэж байгаа нь.
Зураг дээр: Нэхий боловсруулах үйлдвэр дээр. Хагас чийглэг хонь ямааны элгийг элдэх машины дэргэд. Энэ машин чулуун бултай болохоороо савхи хийж байгаа элгийг их сайн нимгэлж өгдөг юм байна. Жинхэнэ торгон савхи хийхэд энэ машиныг хэрэглэнэ.
Зураг дээр: Нэхий боловсруулах үйлдвэр дээр. Хонь ямааны нэхий, арьсыг идээлүүлэгч барабаны дэргэд.
Зураг дээр: Нэхий боловсруулах үйлдвэр дээр. Хонь ямааны нэхий, арьсыг хатаах машины дэргэд.
Зураг дээр: Нэхий боловсруулах үйлдвэрийн хаягдал. Эдгээр хаягдал нь цавуу болон желатин үйлдвэрлэх үйлдвэрийн үнэт түүхий эд болдог байна.
Юуны өмнө ангилан авсан түүхий нэхийгээ угаах ба халимлах ажил хийгддэг. Нэхийг том ганд хийж угаадаг. Нэхийг гараар угаах ажил их хүнд. Нойтон нэхий даагдахгүй хүнд болдог шүү дээ. Харин нэхийгээ дэвтээсний дараа ноос угаах машинд хийж угаагаад, дараа нь сэгсрэгч машинаар сэгсрээд байх юм бол ажил их хөнгөвчлөгдөнө.
Энэ тухай мэдээллийг манай сайтын НООС УГААХ ҮЙЛДВЭР гэсэн нийтлэлээс олж үзээрэй.
Зураг дээр: Угааж цэвэрлэсэн нэхийгээ халимлаад, сэврээн хатааж байгаа нь.
Зураг дээр: Сэвэрсэн нэхийгээ хатаах уламжлалт арга.
Зураг дээр: Нэхийгээ сунгаж татаад хатаах орчин цагийн арга. Энэ бол хамгийн шалгарсан арга. Нэхий хоёр талаасаа жигд сайхан хатдаг.
Зураг дээр: Нэхий элдэх машин дээр нэг ажилчин өдөрт 560 - 880 ширхэг нэхий элддэг гэнэ. Энэ үзүүлэлт бол дээр танилцуулсан машиныг үйлдвэрлэлийн бүтээмж. Энэ үзүүлэлт хир үнэн болохыг туршиж үзэж байж л мэдэх хэрэг. Гэвч ийм их хүчин чадал үзүүлдэггүй юм аа гэхэд өдөртөө 100 нэхий элдээд байсан ч маш их ашигтай үйлдвэрлэл болно.
Зураг дээр: Нэхий самнах машин. Элдэж бэлэн болсон нэхийнийхээ үсийг энэ машин дээр самнаад маш сайхан үслэг түүхий эд бэлэн болно. Энэ машиныг Хятадууд их өндөр үнээр санал болгоод байгаа юм. Ер нь бол элдсэн нэхийгээ гараар самнасан ч болохгүй гэх зүйл байхгүй. Үс самнах шиг л хөнгөн ажил шүү дээ.
Энэ нь тусгай зориулалтын хөнгөн цагаан хайлш байдаг бөгөөд нэхий элдэх машины хамгийн үнэтэй эд анги нь болдог юм байна.
Зураг дээр: Үйлдвэрийн агуулахад байгаа элдсэн нэхийнүүд. Энэ хэдэн нэхий мөн ч их Мөнгө босгоно доо.
Австраличууд 1.5см- 2.5см урт үстэйгээр нэхийгээ боловсруулдаг юм байна.
Нэг ширхэг Австрали хонины нэхий 1.3 кв.м талбайтай байдаг. Хятадын дотоодын зах зээлд нэг ширхэг дундаж хэмжээтэй нэхийг 120 юанаар худалддаг гэнэ. Харамсалтай нь мань мэтэд хэзээ ч үл олдох нүдний ГЭМ. Хятадын үйлдвэрүүд бөөндөж авсан нэхийгээрээ диваны суудлын бүрээс хийгээд, нэг ширхэгийг нь хамгийн багадаа гэхэд 1000 юаниар худалддаг.
Хятадууд Австрали хонины нэхийгээр элгэвч болон өвдөгний дулаалга хийдэг.
Газар газрын ёс гэж өөр өөр байдаг. Орос бүсгүйчүүд хайртай хүндээ цэцэг хатгасан алчуур бэлэглэдэг бол Хятад бүсгүйчүүд хайрт хүмүүстээ улавч оёж өгдөг эртний ёс байдаг нь эдүгээ хүртэл мөрдөгдсөөр байгаа гэнэ. Хонины нэхий нэхий гэдэг Хятад эмэгтэйчүүдийн хамгийн их дурлан авдаг бүтээгдэхүүн юм. Тэд хань нөхөр болон хайрт хүүхэд, хадам болон өөрийнхөө аав ээжид бэлэглэх ганц нандин бэлэг нь бол ЭНЭ.
Улавч нь үйлдвэрлээд Хятад руу гаргаад байвал хэдэн хонины нэхий маань валют болчих юм шиг санагдаад байх юм. Ямар ч байсан Хятад улсын хил гаалийнхан улавч оруулахад хураагаад авчихгүй байх.
Хонины нэхий, арьс ширний үнэ нэмэгдэх боломж байна уу?
Өнөөдрийн байдлаар хонины нэхий 500, ямааны арьс 2000, адууны шир 30000 төгрөгийн үнэтэй болсноос малчдын орлого буураад байгаа юм. Иймд тэдний орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх зохицуулалтыг 2016 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн 2017 оны наймдугаар сарын 1-нийг хүртэл мөрдөхгүй байхаар Засгийн газар шийдвэрлэлээ. Ингэснээр арьс ширний экспорт нэмэгдэж, хонины нэхий, арьс ширний үнэ өсч малчдын орлого нэмэгдэх боломжтой гэж салбарынхан тооцоолсон байна.
Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх зохицуулалтыг 2013 онд баталснаас хойш хонины нэхий экспортлоогүй байна. Мөн манай улс арьс ширнийхээ 40 хувийг л дотооддоо худалдан авах багтаамжтай байдаг байна.
Арьс шир боловсруулах ямар аргууд байдаг вэ?
Арьс ширийг боловсруулах бүх дамжлага ажиллагааг үндсэн хоёр технологоор явуулдаг.
- Химийн ба физик-химийн боловсруулалт;
- Механик боловсруулалт буюу уламжлалт боловсруулалт гэж ангилдаг.
Миний бие Хятад улсад арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн технологийг судлаж нилээд олон үйлдвэрээр орж үзсэн. Аварга том үйлдвэрүүд бүгд л Химийн ба физик-химийн боловсруулалт хийх бөгөөд байгаль орчинд хортойгоор нөлөөлөөд зогсохгүй, манай хөдөө орон нутагт хэрэгжүүлэхэд анхны хөрөнгө оруулалт нь маш өндөр санагдсан. Ер нь анхан шатны боловсруулалт хамгийн ихээр байгаль орчинг бохирдуулдаг.
Хамгийн харамсалтай нь Улаанбаатар хотод арьс боловсруулах технологийн дамжлага тус бүрт хэрэглэж буй химийн бодис, хаягдлын 80 хувь нь Туул гол руу маань урсан орж байна.
Үүнээс харахаар хятадууд эх оронд минь 80 хувийн хаягдал, химийн бодисоо үлдээчихээд, эцсийн бүтээгдэхүүн хийж болох нутаг руугаа аваад явчихдаг байх юм.
Бага өртгөөр арьс шир боловсруулах арга байна уу?
Хөдөөгийн жижиг суманд Химийн ба физик-химийн боловсруулалтаар арьс шир элдэж байхаар уламжлалт аргаа мехникжуулах нь хөрөнгө оруулалт бага бөгөөд олон иргэдийн өрхийн орлого нэмэгдэнэ гэж бодож байна.
Дээр танилцуулж байгаа тоног төхөөрөмж нь хонины нэхий, ямааны арьсыг боловсруулах хамгийн хүнд ажлыг механикжуулж байгаа тул хөдөө орон нутагт хэрэглэх нь хамгийн тохиромжтой юм.
Хонины нэхий боловсруулах машин Монголд ямар үнэтэй вэ?
Эрдэнэцогт сумын иргэн Батжаргалынх Хонины нэхий элдэх 6 сая төгрөгийн үнэтэй машин худалдан авч ажилласнаар элдсэн нэхийгээ 35000 мянган төгрөгөөр зах зээлд борлуулж байгаа аж. Энэхүү тоног төхөөрөмж нь хоёр цагт 6 нэхий элддэг юм байна.
chuham.mn сайтын мэдээлэл
Энэ асуултанд хариулахын тулд ийм нэг мэдээллийг chuham.mn сайт дээрээс олж уншаад маш их гайхлаа. Эрэлтээ дагаж ийм нэг бүдүүлэг машин 6 сая төгрөгөөр худалдаалагдаж байна шүү дээ.
Хонины нэхий боловсруулах үйлдвэр ашигтай юу?
Хэрэв дээрхи мэдээлэл үнэн бол нэхий элдэгч машинтай хүн ажлын 8 цагт 24 нэхий элдэх юм байна. Тэгээд нэг нэхийгээ 35000 төгрөгөөр худалдаад байвал өдөртөө 840 мянган төгрөгний орлоготой болох юм байна даа гэсэн тооцоо гарч байгаа юм.
Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн нийт ашгийн 15 хувь нь анхан шатны боловсруулалт байдаг бол эцсийн бүтээгдэхүүн үлдсэн 85 хувийг нь эзэлдэг. Иймд элдэж боловсруулсан нэхийгээрээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь хамгийн зөв шийдэл юм шүү.
Анхан шатны боловсруулалтаа шийдчих юм бол хонины нэхийгээр үйлдвэрлэл явуулахад маш их ашиг олж болно гэдгийг Түрк, Авсрали, Шинэ Зеланд зэрэг орны туршлага бэлхэн харуулж байна. Эдгээр орноос маш их хэмжээний нэхий эдлэлийг Хятад улс импортлодог. Иймд бид ч гэсэн дутахгүйгээр энэ зах зээлд нэвтрэх хэрэгтэй.
Малын цагаан буян мянга мянган жил Монгол орны минь эдийн засгийг нуруун дээрээ үүрч, өмнөд хөрш рүү цуварч байсан жингийн цувааг сануулах мэт Улаанбаатар хотод минь нэгэн сайхан хөшөө боссон шүү дээ.
Арьс ширний түүхий эдийн нөөцөө бид хэрхэн ашиглаж байна вэ?
Бид жилдээ 12-13 сая мал нядалдаг учраас тэр хэмжээгээр түүхий эд гарч байгаа. Гэтэл хятадууд өнөө хэдэн сая арьс ширний үс ноосыг нь хороор зумлаж хаяад, бохир хаягдлыг нь Туул гол руу хийчихээд хагас боловсруулсан түүхий эдээ аваад явчихдаг.
Угаасан нэхийг борлуулах зах зээл ямар байна вэ?
Мэдээлэл тавьсанаас хойш хүмүүс угаасан нэхийний борлуулалтын зах зээлийн талаар их сонирхон асууж байна. Хятадууд Монголын угаасан нэхийг хамгийн бага үнээр авах л сонирхолтой байдаг. Энэ бол Хятад худалдаачдын гэм биш зан. "Монголын түүхий эдийг хэдий чинээ хямд авч чадна төдий чинээ өндөр ашиг олно" гэдэг тэдний ухаанд олон зуун мянган жилийн өмнөөс суусан ойлголт. Тэгэхээр тэд 5000 төгрөгнөөс илүү өндөр үнээр авахгүй.
Нэгэнт сайхан угааж элдсэн нэхийний зах зээл Монгол, Орос шиг урт өвөлтэй, хүйтэн сэрүүн оронд хамгийн их байгаа.
Энгийн жишээ дурьдахад машинтай Монгол хүн бүр л өвлийн хүйтэнд суудал дээрээ дулаан нэхий тавих юм сан гэж бодож байгаа. Нэг нэхий суудлын бүрээсийг 35000 төгрөг гэхэд захын хүн л шүүрээд авна шүү дээ. Гэтэл Улаанбаатарт 300 мянган автомашин байдаг гэж би сонссон. Нэг машинд хамгийн багадаа 2 ширхэг нэхий суудлын бүрээс ижлээрээ хэрэг болно.
Нэхийний анхан шатны боловсруулсруулалтын ашиг 15 хувь байдаг бол эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн ашиг 85 хувь нь байдаг. Иймд нэгэнд угаасан нэхийг арьсан эдлэл хийдэг гар урчууд болон оёдлын үйлдвэрүүд бөөн бөөнөөр нь авах сонирхол их байдаг шүү. Тэдэнд эдсэн нэхий шиг сайхан түүхий эд байхгүй болохоор Хятадаас өндөр үнээр худалдан авдаг.
Малын түүхий эд тэр дундаа зөвхөн хонь, ямааны арьс авахаар Хятадаас жилд 150 тэрбум төгрөг орж ирдэг байлаа гэсэн тооцоо байдаг. Ноос, ноолуурын мөнгө бол тусдаа. Харин арьс ширний салбарт 200 орчим тэрбум төгрөг хангалттай орж ирдэг. Энэ бол зөвхөн хагас боловсруулалт хийгээд л урагшаа гаргахад зориулагдсан мөнгө.
Энд танилцуулж байгаа жижиг үйлдвэр сум болгонд байгуулагдчих юм бол Монголчууд бид Австрали, Шинэ Зеланд зэрэг хөгжингүй орнууд шиг хонины ноос нэхийгээр л баяжихад ойрхон байна.
Жилдээ 7-8 сая арьс боловсруулаад урагш нь гаргалаа гэхэд Монгол Улсад хэрэгтэй. Ажлын байр нэмэгдэнэ. Цалин болон амьжиргаанд нь хэрэгтэй. Гол нь бид хүнээ тэжээх ёстой биз дээ. Бид илүү ихийг хийлээ гээд “Одоо боллоо, больё” гэхгүй шүү дээ. Улам л сайн хийнэ, техник, технологио ч шинэчлэнэ. Мөн улам л олон хүн ажиллуулахаа бодно шүү дээ. Монгол, Орост хонины угааж элдсэн нэхийний зах зээл маш их бий.
Бид төр засгийг хараад суумааргүй байна. "Ард түмний төлөө төр" Монголд тогтох цаг нь ирэхэд ч хол байна.
Бидний амьдралыг ТӨР ЗАСАГ өөд нь татахгүй. Тэд бидний төлөө биш төрийн мөнгийг хуваах гэж биднийг хошгоруулдаг. Амьдралынхаа төлөө Ирээдүйг өөрсдөө л бүтээе!
Монголчууд бид уламжлалт нүүдэлчин соёл иргэншил, мал аж ахуйгаа дээдлэн олон зууныг өртөөлөн өдгөөг хүрсэн түүхтэй. Таван хошуу мал, тал бүрийн ашигтай.
Сүү цагаан идээ, мах, арьс шир, ноос ноолуур, дэл сүүл гээд малын ашиг шимийг тоочоод баршгүй.
Манай улс эрт дээр үеэс урд хөрштэй арилжаа наймааны алтан түншүүд байж, арьс хөрс, үс ноос, адуу мал, ангийн үс, баавгайн домти, бугын цусан эвэр ... зэрэг олон зүйлийг нийлүүдэг байв. Хариуд нь тэд аму будаа, алим жимс, амны болоод хамрын тамхи, бөс бараа, хамгий их гүйлгээтэй цай нийлүүлсээр иржээ.
Ийнхүү цайлган монголчуудтай арилжаа хийдэг цай тамхи нийлүүлдэг /зузаан өмдтэй, том түрийвчтэй/ данжаад нар нэг ширхэг цайг малаар хойтон жил хүртэл зээлээр өгч, цайны үнэнд нэг эм хонь, хүүд нь нэг хурга авахаар хэлэлцэн тохирдог байжээ.
Гэтэл нэг л мэдэхэд жил өнгөрч, хурга өсөөд төлөг болчихсон, эм хонь нь ахин төллөж хургаа дагуулаад харийн нутагт туугддаг байв.
Зоостой хүнд жороо Бээжин, Зоосгүй хүнд зогсоо Бээжингийнхээн гэж.
Ийнхүү энэ явдлаас үүдэн Хятадууд мөнгө хүүлэгчдээсээ яаж ийм олон мал, нэхийтэй болов гэхэд, хай монголын нэг хонь таван арьстай шүү гэж хошигнодог байсан гэнэ. Тавыгаа нэг болгодог нь монгол наймаачин, нэгийгээ тав болгодог нь хятад хүн болой.
Ингээд уншигч авхай танд хонины нэхий 20-иод төрөл байдгийг сонирхуулая.
1. Нэхий
Үс нь гүйцсэн хонийг төхөөрөөд номын ёсоор өвчиж авсан бүрэн бүтэн арьсыг нэхий гэнэ. Мөн өвөл цагт эсвэл намар орой, хавар эрт үхсэн малаас өвчиж авсан сахлаг үстэй сайн хөрстэй арьсыг ч нэхий гэдэг.
2. Халимтай нэхий
Монголчууд хүйтэн сэрүүн улиралд идэш, хүнс хийхээр “Өөхөн бөмбий, араг сэгсий”-гээ төхөөрдөг. Туранхай малыг өвчихад хальс /сарьс/, тарган хонийг хуулахад нэхийнд нь өөх дагадаг жамтай. Тэр мэт үмх үмх өөхтэй арьсыг Халимтай нэхий гэнэ.
3. Халимласан нэхий
Хонины нэхийнд дагасан өөхийг нүд сайтай, гарын дүйтэй хичээнгүй хүүхдээр ахин хуулуулдаг. Энэ нь мал өвчих дасгал болдог төдийгүй нэг ажлыг хоёр дахин хийхгүйн сургаал болдогоороо хүмүүжлийн тустай. Тэр мэт ахин арчилсан аль ч хэсэгтээ өөх байтугай өвдөл ч үгүй арьсыг Халимласан нэхий гэдэг.
4. Авчсан нэхий
Хайнга залхуу хүн, эсвэл хонь хуулсан хулгай сандарч тэвдэхдээ хороосон хониныхоо арьсыг тольж тэлэлгүй хаяснаас эсвэл хам хум хумьж нууснаас хэмжээ нь давжаарсан аадгар арьсыг авчсан нэхий гэнэ.
5. Тольсон нэхий
Арвич нямбай хүн хонийг өвчүүтээ нойтон арьсыг тал тал тийш нь хүчлэн татаж дээд зэргээр тэлж хатаадаг. Тэр ч байтугай 4 годыг нь гадаслан тэлдэг няхуур нямбай хүн ч бий. Энэ мэтээр сайтар сунгаж, богийн арьсыг бодын шир мэт талайг нь өргөсгөсөн арьсыг Тольсон арьс хэмээмүй.
6. Идээлсэн нэхий
Хатсан арьснаа хямар /хярам/ шүршин чийглээд улмаар тусгайлан бэлдсэн хоормог цагааг хэдэнтээ түрхэж эрүүний ясаар маажин бүх талбайг жигд шүүлж, элдэхэд бэлтгэсэн арьсыг идээлсэн нэхий гэнэ.
7. Элдсэн нэхий
Монголчууд идээлсэн нэхийг хэдрэгдэх, хянгардах, талхидах гэх мэт аргаар боловсруулж “Мяндас мэт зөөлөн, Шандас мэт бөх” болгодог эртний уламжлалтай. Ийнхүү хатуу шир, хөтүү нэхийг “магнаг мэт зөөлөн, мяндас мэт бөх” болгосон нь элдсэн нэхий юм.
8. Туламласан нэхий
Хонины голыг тасалсны дараа арьсыг нь хуулах хэд хэдэн арга бий. Тэр нь үндсэндээ.
1.Задгай өвчих
2. Битүү өвчих хоёр янз.
Шолболсон хонины толгойг огтолж аваад арьсыг огт цоололгүй гээр мах, яс, гэдэс дотрыг нь нэг бүрчлэн суйлж аваад үлдээсэн битүү арьсыг тулмалсан нэхий гэдэг.
9. Авралтай нэхий
Аадрын үерт хамуулж, аль эсвэл мөндөрт нүдүүлж амь эрсдэх дөхөн осгосон хүнийг авархад хонь хэрэг болдог аж. Учир нь хонийг битүү өвчөөд осгосон хүнийг тэрхүү нэхий өлгийд оруулж хав халуун сайн сархинагийг осгогчийн толгойд өмсгөвөл үхлээс аврагддаг. Тийхүү малын амиар хүний амь аварсан үстэй, ноостой тулмыг авралтай нэхий гэнэ.
10. Сэгсүүрэг
Хонин сүргээсээ хуцаа ялгаагүйн улмаас намрын адаг сар, өвлийн эхэн сард хонь төллөдөг. Тэрхүү цагт гарсан хурга хүйтэн хайруу цагаар үхэх нь элбэг ч үлдсэн нь товир биетэй сэгсгэр үстэй болдог. Энэ мэт цаг бусаар ирж, цаг бусаар буцсан хурганы сэгсэлзсэн их үстэй арьсыг сэгсүүрэг хэмээмүй.
11. Үзүүрсэг
Бүтэн жилийн турш хонины нуруунд хүнд “Тээш”, дулаан “Дах” болж байсан ноос дулаан улиралд шалз, хувалзны үүр болдог. Гурван улиралын турш ургасан төө сөөм түүнээс ч урт унгасыг уртын ноос гэдэг.
Харин уртын ноосыг хяргаснаас хойш өвөл хүртэл ургах нявталхан үсийг ахар гэдэг. Угтаа охор үс гэсэн утга. Тийм охор үстэй хонь үхэх юм уу, төхөөрсний дараа хуулж авсан тачир үстэй арьсыг үзүүрсэг гэнэ.
12. Илэг
Хонины арьсыг өвчүүтээ дулаан байранд эвхэн дарж, бас ахин ус чийг өгөн илжилбээс бүх үс нь аандаа зумран унадаг. Үсийг нь зумласан арьсаар гутал хувцас, бээлийн цүнх хийх нь цөөнгүй. Энэ мэт үсийг нь зумласан нэхийг илэг гэдэг.
13. Савхи
Үйлдвэрийн аргаар зумлаж, будсан илгийг савхи гэдэг. Монголын савхи хөрс сайтай бөгөөд дэлхийд дээгүүрт ордог. Энэ нь манай орны байгаль цаг уур, дөрвөн улиралтай холбоотой аж.
14. Сармай
Урьд цагийн ядуус ихэвчлэн илгэн өмдтэй, сармай дээлтэй байжээ. Үс нь жигд бус зарим хэсэгтээ халцархай арьсыг сармай гэдэг. Энэ нь голдуу үхсэн богийн тордлогоо муутай арьс байдаг.
15. Турсага
Зутраадаг зуд, харангадаадаг гангийн үед тураалдаа хүрээд турж үхсэн богийн хэврэг, хөрс муутай арьсыг турсага гэдэг.
16. Адсага
Өвчнөөр эсвэл өлбөрч үхсэн бог болон бодын арьс ширийг ч адсага гэдэг. Адсагыг нохойд дэвсэх, үүдэнд тавих, аргал хомоол бүтээх, үнс хог зөөхөд хэрэглэдэг.
17. Тарз
Тарчиг улиралд тартагтаан тулж үхсэн малын тачир, тархай үстэй арьсыг тарз хэмээмүй. Тарзыг хөдөө хөсөр хаясан дорхноо хөл /гутлын ул/ арчъя гээд босгоны ёроолд дэвсдэг байна.
18. Хөдөс
Угаасаа яс тааруу нэхий нь элдсэн, эдэлсний хойно элэгдэх нь түргэн, энд тэндээсээ халцрах нь хялбар байдаг. Энэ мэт элэгдэж, элч нь бараг үгүй болсон муу арьсыг хөдөс гэдэг.
Монголчууд нэхийний нэр төрлийн тухайд ийнхүү толгой холбон шүлэглэжээ.
- Саяхан өвчсөн сайн арьсыг нэхий гэнэ
- Сагсалзсан үстэй том хурганыхыг сэгсүүрэг гэнэ
- Үс нь хоёр хуруу нявталхан нэхийг үзүүрсэг гэнэ
- Өлцөрч халцарч чанар муудсаныг илэг гэнэ
- Тэлж толиогүй хорчгор торчгорыг сармай гэнэ
- Тэнд эндээ цоорхой ноорхойг турсага гэнэ
- Үүд хатавчин дэвсдэгийг адсага гэнэ
- Үсийг нь хяргаж авсан адсагыг тарз гэнэ
- Хамгаас муу нэхийний тамтагийг хөдөс гэнэ
- Хайчилсан ход год мэтийг өөдөс гэнэ
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 15 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.