Хятадын Хубэй мужын Shennongjia (Хятадаар 神农架 гэнэ) хэмээх зэрлэг онгон байгалыг мэдэхгүй хятад хүн гэж үгүй. Тэр бол дур булаам балар ширэнгэн ой юм. Ойн эргэн тойронд хүн амьдардаггүй болохоор байгаль нь унаган төрхөөрөө. Иймээс ч зэрлэг амьтан, ургамлын баялаг өлгий нутаг. Яг л манай Хөвсгөл далай мэт алдартай дархан цаазат газар.
Зураг дээр: Хятадын Хубэй мужын Shennongjia -гийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд
Хүн амьдардаггүй, өндөр шовх оргилтой сүглийн харагдах Шень нүн уулс чимээ аниргүй нойрсож байна уу гэлтэй харагдавч, хамгийн их дуу шуугиантай газар. Тэнд мянга мянган жигүүртэн шувууд өнгө хослон жиргэж, шар үст жижигхэн сармагчин аянчидаар доог тохуу хийн хөгжилдөнө.
Жуулчины баазын тайлбарлагчийн хэлсэнээр 3253 хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан энэ аварга уулс эрт цагт далайн ёроол байсан гэлцэнэ. Тиймээс ч уулсын хөрсөнд далайн эрдэс бодис бүхий ялзмаг их байдаг тул зүйл бүрийн ховор эмийн ургамал ургана. Мөн байгалын сонин тогтоц бүхий сүрлэг хадан хясаа нь жуулчидын сонирхолыг ихэд татдаг.
Зураг дээр: Shennongjia -гийн үзэсгэлэнт байгалын тогтоцын нэг чулуун ой.
Эрт цагт хүмүүс энэ ууланд гарч эмийн ургамал их түүдэг байсан бөгөөд эдүгээ нутгийн ардууд эмийн ургамал түүх биш харин тарьдаг. Учир нь дархан цаазат нутгийн ургамал амьтадыг хөндөх эрх хэнд ч байхгүй.
Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын 4 бааз байгуулагдаж, жилдээ давхардсан тоогоор 600 мянган жуулчид хүлээн авч байна.
Миний хувьд Хятадын Нанянь хотод бизнес аялалаар ирээд, хятад найзынхаа зөвлөсөнөөр энэ нутагт очиж үзэх завшаан тохиолдсон юм.
Shennongjia байгалын үзэмжит газраар аялсан минь
Би өглөө эрт 4 цагт автобусаар явах байсан тул би гар утасныхаа сэрүүлгийг тавих санаатай утсаа хартал сүлжээ тасарсан байлаа. Өндөр уулын бүсэд гар утсанд итгэнэ гэдэг бол үлгэрийн далай.
Зураг дээр: Shennongjia уулсын дэргэд орших Muyu хэмээх жижиг тосгон.
Ямар ч байсан гар утсаа цэнэглээтэй чигээр нь сэрүүлгээ тавиад амрахаар хэвтлээ. Shennongjia нутгийн уулсын дунд орших Muyu хэмээх жижиг тосгонд жуулчидын хөл хөдөлгөөн их байх бөгөөд газар газрын хүмүүсийн эв нэгдлийн цуглаан болсон юм уу гэлтэй.
Зураг дээр: Shennongjia уулсын дундуур урсах Сянг голын дэнж дээр. Цаана харагдаж байгаа цагаан байшинд манай жуулчидын баг буудалласан юм.
Энэ нутаг хэдий онгон зэрлэг ч гэлээ голынх нь усыг шууд ууж болохгүй. Харин манайд бол айх явдалгүй залгиж болно шүү дээ. Өтгөн саглагар ширэнгэн ойгоос эх авсан Сянг голын ус алсад зөөлөн шоржигнохыг сонсох гэж чих тавин хичээсээр байтал нэг мэдсэн чинь унтчихсан байлаа.
Үүрээр дуг нойрны зүүдэн дунд гар утас маань ёртой юм шиг тачигнан, би цочин сэрлээ. "Арай аятайхан зөөлөн аялгуу гар утасныхаа сэрүүлгэнд сонгох минь яав даа" хэмээн өөрөө өөртөө уурлан бухимдаж нэг үзэв.
Өглөө босоод, орчин тойрноо харахад онгон байгалийн гоо үзэмж сэтгэлийг минь сэргээн, уулс, үүлс, манан, тэнгэр дөрөв өнгө зохицон гайхамшигийг мэдрүүлж байлаа.
Зураг дээр: Өглөө үүрээр жуулчидыг авч явах автобуснууд ажилдаа гарахад бэлэн болсон байв. Энд нэг ээлжиндээ 180 жуулчин хүлээн авдаг юм байна.
Өтгөн цагаан манан, хөвчин ногоон уулсыг хараад, "Монгол нутагт минь ийм газар зөндөө л байдаг шүү дээ. Өглөө бүр өрхөө татахдаа харж баясдаг нутгийн минь цэнхэр уулсыг эдгээр жуулчид үзвэл бас л дуу дуу алдан хөөрөн баясах байх даа " гэсэн бяцхан нууцхан атаархал төрж байлаа.
Уулс ороосон өтгөн манан айдас төрүүлж, эгц элгэн босоо шовх уулсын оройд гарсан хүн гэж байдаггүй л байх даа хэмээн бодож зогстол, тайлбарлагч бүсгүй ирээд:
- Танд таагүй байна уу? Тусламж хэрэгтэй юу гэж асуулаа. Ирсэн жуулчид бүгдээрээ энэ нутгийн гоо үзэмжийг хараад баярлан шуугиж байхад би ганцаараа гуниглан зогсож байснаа мэдэрсэн юм. Би тайлбарлагч бүсгүйгээс атаархсан сэтгэлээ нууж:
- Надад энэ уулс нэг л айдастай санагдаад байна гэж англиар хэлэхэд, тайлбарлагч бүсгүй инээд алдсанаа:
- Та яг онож хэллээ. Надад ч бас анх энд ирэхэд их аймшигтай санаддаг байсан. Учир нь би ийм нэг домог сонсчихсон байсан болоод ч тэр үү, их айдастай байдаг байлаа гээд жаахан охин шиг өхөөрдмөөр ход ход инээв. Тэгээд:
- Эрт дээр үед энэ нутагт 2 хүний дайтай өндөр, биерээ битүү хар үстэй, нохой мэт толгойтой мөртлөө хүн шиг хоёр хөл дээрээ явдаг эмэгчин араатан байсан гэсэн. Тэр араатан шөнө болохоор тосгонд ирж, хүүхэд хулгайлдаг. Тэгээд ширэнгэн хөвч рүүгээ аваачаад, амьдаар нь зажилан идэхэд хөх нь саамшиж, зулзага нь цадтал хөхөх сүүтэй болдог байсан гэнэ.
Хэн ч аймшигт араатныг авлах гэж, ширэнгэ ой руу зүглэхгүй. Гэтэл энэ нутгийн оточ Shennong гэгч эр жижигхэн гөлгөнд хортой өвс идүүлээд, өлгийдөөд тавьж гэнэ.
Шөнө болсон хойно өнөөх араатан тосгоны захад ил хэвтэж байсан өлгийтэй хүүхдийг авч явлаа гээд андууран, гөлгийг аваад уулын агуйдаа аваачаад иджээ. Тэр өдрөөс хойш зэрлэг араатан тосгонд ирсэнгүй.
Нутгийн хүмүүс Shennong оточын эмийн увидасыг шагшин магтаж, энэ уулыг түүний нэрээр нэрлэсэн юм гээд богинохон мөртлөө сонирхолтой домог ярьж өгөв.
Түүний домогт өгүүлж байгаа аварга амьтан манайхны Алмасын домогтой тун ижил санагдсан.
Зураг дээр: Шэнь нүн жя нутгийн домогт өгүүлэх аварга араатаны дурсгалын хөшөө.
Бидний сууж явсан автобус далайн түвшинээс 2900 метр өндөрт гараад зогсов. Бид цаашаа явган аялах ёстой. Бид өглөөний цэвэр агаарт орчины байгалыг бишрэн нилээд алхлаа. Зарим жуулчид жижигхэн цахилгаан автобусанд 50 юань төлж уул өөд замаар өгсөнө. Би харин тэднийг дуурайсангүй. Миний хувьд 50 юаньдаа татганасан юм биш л дээ. Амар тайван тамхиа татсан шиг алхах нь сайхан байлаа.
Юм бодчихсон алхаж явтал гэнэт хүүхэд чарлах шиг дуу гарч бөөн бөөн шуугиан дэгдлээ. Гэтэл тэр нь энэ нутгийн эрхэм эзэд нь байсан юм байж. Энд миний үзсэн хамгийн сонирхолтой зүйл гэвэл Алтан үст сармагчингийн сүрэг байсан юм. Хүн төрөлтэй эдгээр сармагчингууд хүн шиг үйлдэл хийж, миний сонирхолыг их татсан. Маш их инээдтэй бөгөөд өхөөрдөм амьтадыг хараад нэг хэсэг алмайрав.
Хамгийн сонирхолтой нь эрэгчин сармагчингууд нь эмэгчинээ булаалцалдаж байгаа бололтой. Хэрүүл хийгээд байгаа ч юм уу. Хоорондоо яриад ч байгаа юм уу бүү мэд. Их л чарлацгаах юм байна билээ.
Тэд жуулчидаас айна гэж үгүй. Гэхдээ бас бидний их л гадуурхаад байгаа мэт. Урилгагүй зочидод тэд дургүй бололтой. Миний гараас юм авч идэхгүй. Их л эрхэмсэг байсан шүү.
Зураг дээр: Алтан үст сармагчингийн энхрий бяцхан үр гүн бодолд орж, эхийнхээ сүүг санасан бололтой. Ээж нь хэзээ ирж түүнийг баярлуулах бол?
Үүнийг хараад нөгөө аварга биет эмэгчин араатны зулзага мөн л ингэж сууж байгаад өлбөрч үхсэн байхдаа гэсэн бодол толгойд зурсхийн оров. Эх амьтан гэдэг үр төлөө өсгөхийн тулд ямар ч аймшигтай үйлдэл хийхээс буцдаггүй. Байгалийн энэ хууль ямар аймшигтай бөгөөд энэрэлгүй юм бэ? хэмээн бодогдож, тэр домгийг анх зохиосон хүнийг биширч байлаа. Хүнд маш их зүйл бодогдуулж, амьдралыг ухааныг ойлгуулсан гайхамшигт домог байсан юм.
Шэнь нүн жя нутгийн 3000 гаруй хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрт 4700 гаруй төрлийн зэрлэг ургамал, 60 гаруй төрлийн амьтан байдаг гэнэ. Гэвч би тэнд тийм олон төрлийн амьтан харсангүй. Хөвч ууландаа л байдаг байх. Сармагчингаас өөр амьтан харагдаагүй. За нэг гэрийн тэжээвэр бололтой үхэр ямаа хоёр байсан. Монгол хүнд бол үхэр ямаа хоёр хөдөө хээр байдаг л зүйл.
Шэнь нүн жя нутаг нь өндөр уулсын дунд байдаг тул аагим зуны халуунд ч сэрүүхэн байдаг. Гол горхи хоржигнон урсаж, жигүүртэн шувууд жиргэж, алтан үст сармагчин шаагилдах нь ёстой л амьд байгалын диважин мэт.
Өнгөрсөн зууны 70-аад оноос эхлэн энэ нутгийн ой модыг хадаж эхэлснээр энэ газрын зэрлэг амьтадын бэлчээр нутаг ихээр эвдэрсэн гэдэг. Иймд Засгийн газар болон байгаль орчны мэргэжилтнүүд анхааралдаа авч, 2000 оны 3-р сараас Шэнь нүн жя нутгийн ой модыг хамгаалах төсөл хэрэгжүүлж, дархан цаазат нутаг болгон зарлажээ.
Зураг дээр: 1915 онд энэ нутагт ан гөрөө хийж байсан анчидын барьсан уулын отог. Тэд энэ нутагт ирж янгир ямаа агнаж, эмийн ургамал түүдэг байсан бөгөөд ихээхэн ашиг орлоготой байсан гэлцэнэ.
Улсаас дархлан хамгаалсны ачаар Шэнь нүн жягийн ой модны бүрхэлтийн хэмжээ 88%-д хүрч, зарим газруудад ойн бүрхэлтийн хэмжээ 96%-д хүрчээ. Ургамлын бүрхэлт сайжирснаар алтан үст сармагчин, зүрх улаан тогоруу, янгир ямаа хааяагүй харагдах болсон юм гэнэ.
Зураг дээр: Шэнь нүн жя нутгийн ширэнгэн ойн уугуул янгир ямаанууд одоо хүний гарт идээшин дасчээ.
Хятадууд байгалын унаган төрхөөр нь үлдээсэн газраа экологийн хөдөө аж ахуй гэж нэрлэнэ. Шэнь нүн жягийн бүс нутагт 81 тосгон байдгаас 35 нь Экологийн хөдөө аж ахуйг хөгжүүлдэг. Тэд төрөлх нутагтаа экологийн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлж, тэндээсээ ихээхэн ашиг орлого олно.
Өвөл болохоор цаны баазад нь хэдэн зуун мянган жуулчид ирж амарна. Харин зун болохоор зэрлэг онгон байгалын үзэсгэлэнг бишрэгч жуулчид тасардаггүй.
Зураг дээр: Балт зөгийний үүр. Хайрцаг болгонд нэг бүл зөгий байна.
Хэдэн мянган бүл зөгий энэ нутгийн ховор нандин эмийн ургамалын цэцэгсийн балыг цуглуулна. Эрдэс бодисоор баялаг цэцэгсээс цуглуулсан бал нь тэжээлийн маш өндөр найрлагатай байдаг тул зах зээлд өндөр үнэ хүрдэг гэнэ.
Зураг дээр: Зөгийчин эр зөгийн балаа хурааж байгаа нь.
Шэнь нүн жягийн нутгийн иргэд эмийн ургамал тарих, балт зөгий үржүүлэх зэрэг орон нутгийн өндөр ашигтай аж ахуй хөгжүүлснээр айл өрхүүдийн амьдралын түвшин жилээс жилд өнгөжин дээшилж байна.
Зураг дээр: Энэ нутгийн цай болон эмийн ургамал тариалагчид.
Энэ нутгийн тариачид хотын жуулчид биднээс илүү тансаг хэрэглээтэй байх бөгөөд өмсөж зүүсэн нь хүртэл бусад нутгийн тариачдаас тэс өөр харагдаж байлаа. "Хийж чадаж байгаа юманд арга байхгүй" гэдэг л энэ байх.
Зураг дээр: Шэнь нүн жягийн нутгийн цайны ургамалын талбайд. Цай гэдэг анхилам үнэртэй гайхамшигт ургамал гэдгийг талбайн дунд зогсож байхдаа мэдэрч байлаа.
Энд би нэг алдаа хийсэн. Зураг авхуулж байтал "Цайны ургамалын талбайд тамхи татлаа" гэж тариачин өвгөн намайг сүрхий зэмлэсэн шүү. Яагаад гэдэг учрыг нь асууж ч чадаагүй.
Бизнес санаа.
Жилдээ 2 тэрбум доллорын ашигтай ажилладаг онгон зэлүүд нутгийнхан хэрхэн амжилтанд хүрэв?
Энэ нутгийнханы үндсэн бизнес гэвэл өвөл зунгүй ажилладаг аялал жуулчлалын бааз, цай болон эмийн ургамалын тариалан, балт зөгийн аж ахуй. Бодоод байхад бүгд л Монголд хийж болох бөгөөд хөрөнгө оруулалт бага шаардах бизнес. Үүнийг нэг хүн хийнэ гэвэл том хөрөнгө оруулалт мэт санагдана. Харин олон хүн хэсэг хэсгээр нь хуваагаад хийвэл өчүүхэн хөрөнгө оруулалт. Үүнд л энэ нутгийн хүмүүсийн ухааны хүч оршиж байна.
Нутгийнхаа байгалийн үзэмжийг бусдад гайхуулж, танилцуулах ажлыг сайн хийж чадвал хөрөнгө оруулагчид өөрсдөө сонирхоод ирдэг нь зах зээлийн жам юм. Харин тэд төрөлхи нутгаа бусдаас хамгаалж чадсан нь мартагдашгүй гавъяа нь байсан юм.
Ийм ширэнгэн ой Хятадад маш их байдаг. Бүгд л адилхан байсаар байтал энэ нутаг юугаараа илүү байв? гэсэн асуултыг би өөртөө тавьлаа.
1. Хүний сонирхол татах зэрлэг амьтад нь энэ нутагт айх аюулгүй амар тайван амьдарч байгаад л гол учир байгаа юм. Сармагчин амьдрах нөхцөл боломжыг нь тэд бүрдүүлэн өгч, жимсний модон төгөл байгуулж өгсөн байна. Энэ л жуулчдын анхаарлыг татах хамгийн чухал ажлын эхлэл байв. Нутгийн захиргаа энэ ажлыг улсаар дэмжүүлж, өөрсдөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулж чадсан нь манайд хэрэгжүүлж болох санаа юм.
2. Нутгийн домгоор хүний сонирхол татахуйц чулуун баримал хийж, түүнийгээ реклам сурталчилгааны хэрэгсэл болгож чадсан. Үнэндээ тэр нутагт эмэгчин араатан байсан ч юм уу? үгүй ч юм уу бүү мэд. Гэвч хүн гэдэг их сониуч амьтан шүү дээ. Алмас мэт араатан нутаглаж байсан мэтээр жуулчидын сониуч занг өдөөж чадсан нь тэдний мэргэн санаа байлаа.
3. Хятад хүн гэдэг олон зуун жилийн тэртээгээс газар тариалан эрхлэн амьдарч байсан тул энэ нутагт хэн ч амьдардаггүй балар ой байсан юм. Тийм болохоор хөрс нь маш их үржил шимтэй. Нутгийн хүмүүс багахан газартаа өндөр үнэтэй ургамал тариалсан нь цай болон эмийн ургамал. Тэд ургамалынхаа тоосыг хүртээхийн тулд мянган бүл зөгий тэжээжээ. Ингээд л нутгийн гаралтай хоёр том брэнд бүтээгдэхүүн төрөн гарсан. Энэ нутагт ирсэн жуулчид нутгийн гаралтай брэнд бүтээгдэхүүнийг нь их сонирхдог. Гэдэс цэвэрлэх үйлчилгээ бүхий ногоон цай нь Хятад улс даяар нэн алдартай бөгөөд маш өндөр үнэтэй.
4. Энэ нутаг өвөлдөө цас их унаж, зундаа их сэрүүхэн байдаг. Энэ нь тэдэнд байгаль эхээс заяасан алтан боломж. Хятадын өмнөд нутгийн аагим халуунаас залхаж, сэрүүн тансаг байгальд ирж амрах сонирхолтой жуулчид их байдаг. Мөн цас гэдгийг үзээгүй халуун орныхон өвөл болохоор тэр нутагт ирэх нэн дуртай. Иймээс тэд нутагтаа цаны бааз байгуулах ажлыг эхлүүлжээ. Тэр нь ч тэдний хувьд өвөл зунгүй мөнгө босгох бас нэг мэргэн санаа нь болсон юм.
Эдний амьдралыг хараад манай хөдөөгийнхөн сэтгэвэл энэхүү бизнес санааг хэрэгжүүлэх боломж их байна даа гэж бодогдсон тул энэ нийтлэлийг бичлээ.
Монгол орныхоо онгон байгалыг ингэж хайрлаж хамгаалж чадвал бид ч гэсэн хэзээ нэгэн цагт гадаадын жуулчидын нүдийг бүлтийлгэнэ дээ.