19 га нутаг дэвсгэртэй Хүнцүнь тосгон нь Ишяни хотын төвөөс 11 км зайтай оршдог. Энэ Хүнцүнь тосгон нь Шиди тосгоноос урт удаан түүхтэй аж. Энэ газар анх тосгон бий болоход хүмүүс бүр уг тосгоны өмнө талаар урсдаг голыг даган орон сууц байгуулж байжээ. Он цагийн урсгалыг даган хүн ам нь олширч, байр байшин нь ч багширснаар нэг айлд нь ус үеэр болдог л юм бол хажуугийн айлууд нь цаашлаад тосгоноороо бүр үер усанд автаж байсан гэнэ. Тийм болохоор Хүнцүнь тосгоныхон үерээс сэргийлэхийн тулд гол дагаж нутагших биш голын урсгалыг гаднаа татаж аваачих шийд гаргацгаажээ.
Ингээд тухайн үеийн Хүнцүнь тосгоны хүмүүс газрын байцыг дагуулан суваг шуудуу малтаж, энэ голын усыг айл болгоныг дамжуулан урсгасан бөгөөд голын дээд урсгалд бас усны хаалт зохиож, хүн ардынхаа амар амгаланг баталсан бөгөөд бүх хүний амд ус хэрэглэх хэрэгцээ шаардлагыг ч хангаж чадсан байна.
Хятадын барилгын ухааны эрдэмтэн Ян Хүншюнь хэлэхдээ, уг тосгоны энэхүү онцын гайхамшигтай зохиосон үерийн хамгаалалтын системийг Хятадын өнөөгийн барилгын ухааны эрдэмтэд маш ихээр үнэлж байгаа төдийгүй Япон, Амрик, Германы эрдэмтэд ч маш их сонирхож байна. Үүнийг Хятадын эртний тосгоны барилга байгуулалтын урлагийн нэгэн гайхамшиг гэж үзэж байна гэжээ.
Тэрээр цааш нь үнэлэхдээ, Хүнцүнь тосгоныхон газрын байц байрлалыг маш сайхан ашигласан байна. Хятадын ард түмэн эрт дээр үеэсээ байгалийг дээдлэж, байгалийг нөхцөл боломжийнхоо хирээр ашиглаж ирсэн юм. Уг тосгон уулаа түшин, усаа харан сууршиж, урсгалыг гүйцэд ашиглаж байгаа бөгөөд үер усны гамшгийг зайлуулж чадсан байна гэжээ.
Уг тосгонд Мин, Чин улсын үеэс үлдэж ирсэн 300-аад орон сууц байна. Үүний дотор хамгийн үзүүштэй нэг нь бол Чэнжитан хэмээх байшин болно. Энэ нь уг нь давсан аралжаа хийдэг Ван Дингүй гэдэг том баяны сууц байжээ. Барилгыг бүхэлд нь модоор хийж, дотор талыг нь тоосго, чулуу, модоор уран сайхан сийлбэртэй хээнцэр гоёхон байгуулжээ. Энэ барилгын зөвхөн модон сийлбэрийг нь 20 дархан 4 жил сийлж бүтээсэн гэдэг.
Бүх хүн төрөлхтөний ховор нандин уламжлалт соёлын нэг болсон уг тосгон нь зураг шиг сайхан өнгө үзэмжээрээ дотоод гадаадыхны анхаарлыг маш их татаж байна.