0
CATEGORIES

Огт мөнгөгүй хүн хэрхэн баяжсан тухай бизнес санааг энд хүргэе. Наньжин хотод өндөр настай өвгөн эмгэн хоёрын тэтгэвэрийн мөнгө амьдралд нь хүрэлцдэггүй байжээ.

Харж хандах хүүхэдгүй өвгөн эмгэн хоёр амьдралынхаа эцэст өөрсдийн хүчээр хэрхэн шинэ бизнес эхлүүлж, баяжсан тухай түүхийг энд өгүүлье.

Тэд өчүүхэн бага тэтгэвэр авдаг. Тэр нь байрны мөнгө, цахилгаан дулаан, эм эмчилгээнд нь арай гэж хүрдэг байжээ. Өрхийн үйлдвэрлэл явуулж, хэдэн бор юм олъё гэж мөрөөдөвч, мөнгөгүйн зовлонг яах ч билээ. Өвгөн олон өдөр бодсоны эцэст, нэгэн шөнө амьдрал залгуулах мэргэн санааг зүүдэндээ сонсож гэнэ ээ. Түүний зүүдэнд Аз жаргалын тогоруу ирээд:

- Өвгөн ах та! Зах дээрээс шулсан яс худалдан авч чанаад, махыг нь мөлж. Дахин давсгүй усанд буцалгаж шөл гарга. Ясыг 2 ба 3 дахин буцалгахад, ясны эд задарч, цагаан саарал өнгөтэй шөл гардаг. Тэр шөл бол хамгийн их кальци агуулсан ГАЙХАМШИГТ шөл болно. Та хоёр тэр шөлийг уувал үе мөчний өвчин гэдгийг үүр мартана гэжээ. Тэгээд цааш нь:

- Түүнийгээ 10 литрийн саваар “Халуун тогоо” хоолны ресторануудад нийлүүлбэл, рестораны эзэд ясны шинэхэн шөлийг дуртай авна гэжээ. Өглөө нь Өвгөн зөнч зүүдээ эмгэндээ хэлж, түүний дагуу ажлаа эхэлж гэнэ. Хөёр хөгшин өдөр бүр чанасан мах идэж, шөлийг нь ресторануудад нийлүүлсэнээр гэдэс цатгалан амар жимэр суух болжээ.

Ясны гурилын үйлдвэрт чанасан ясаа нийлүүлдэг болохоор, өвгөн эмгэн хоёр цахилгааны зардлаа өлхөн төлчих мөнгө ороод ирнэ. Гэвч эмгэнд нь яс чанасан эхний шөлөө асгахад хайран санагдаад байв. Иймд гэрийнхээ ойролцоо орших оюутны байрны дэргэд жижигхэн өрөө түрээслэн авч, тэндээ оюутны гуанз нээж гэнэ. Эмгэн ясны шөлөндөө 200гр хэрчсэн гурил, 40 гр мах хийгээд, 6 юанаар (1800 төгрөг) худалдахаар тооцоолсон байна.

“Өлсгөлөн бол хамгийн сайн сүмс” гэдэг. Эмгэн өлссөн оюутнуудад гурилтай шөлнийхөө амтыг мэдрүүлэхээр үнэгүй амтлуулж, хүн бүрт хөнгөлөлтийн карт бэлэглэжээ. Залуус оюутны байр, сургууль дээрээ очоод, найзууддаа “Нэг Эмээ үнэгүй хоол өгч байна. Хоол идсэн хүн бүрт хөнгөлөлтийн карт бэлэглэсэн. Хар даа” гээд л үнэгүй сурталчилгааг цагийн дотор бүх сургууль даяараа цацжээ.

Тэр өдөр эмгэний гуанзанд 120 оюутан хоол идэж, хөнгөлөлтийн карт авсан байлаа. Дараа өдөр нь эмгэн бүр сайхан шөл хийж, “Нэг аяга хоол 10 юань. Хөнгөлөлтийн карттай оюутан бол 6 юань” гэсэн бичиг гуанзныхаа хаалган дээр бичиж тавьж гэнэ. Хөнгөлөлтийн карттай оюутнууд ч өөрийнхөө картаар хоолоо идчихээд, картгүй найз нартаа картаа нууцаар хэрэглүүлсэн байна.

Тэр өдөр 180 оюутан хөнгөлөлтийн картаар хоол идсэн бөгөөд эмгэн мэдээгүй дүр үзүүлэн дараагийн өдөр мөн л хоолоо худалдав. Эмгэнийг хуурч, хямд хоол идэж байгаадаа баяссан оюутнууд ч хөнгөлөлтийн картаа барьж ирсээр, Эмгэн ч хоолоо зарсаар нэг сар өнгөрчээ. Өдөр бүр 1000 гаруй юаний орлоготой болсон эмгэн ядрах тул, зарим өдөр оюутан охидуудаас туслалцаа авч, хоолоо заруулдаг болов.

Эмгэн бас туслагч охидуудаа 50 юаниар урамшуулахаа мартсангүй. Завтай үедээ эмгэнд туслаад, 50 юань авах дуртай охидууд ч мундсангүй гэнэ ээ. Цагийн ажил гэдэг бол оюутан хүний мөрөөдөл шүү дээ.

Удалгүй эмгэнд туслах хүсэлтэй охидуудын тоо нэмэгдэж, эмгэн бас нэгэн шинэ салбараа холгүй орших хот, хоорондын автобусны вокзал дээр нээв. Мөн ясны шөл чанах, ресторануудаар түгээх ажилд ч охидууд тусладаг болж, өвгөн эмгэн хоёр олон сайхан туслагч хүүхдүүдтэй болсон байна.

“Эмээгийн гурилтай шөл” гэсэн нэртэй жижиг гуанзууд ар араасаа шинээр нээгдэж, тэр хотод нэгэн шинэ төрлийн сүлжээ гуанзны брэнд бий болсон байна. Онцлог нь өвгөн эмгэн хоёр зөвхөн оюутан охидуудын туслалцаа авдаг уламжлалаа одоо хүртэл хадгалсаар байгаа гэнэ. Амьдралд ойр энэ бизнес санааг ясны шөлнөөс өөр бүтээгдэхүүний борлуулалт дээр ч туршиж болно.

Нэг аяга хоол 450 төгрөг 

Өвгөн эмгэн хоёрын ясны шөлийг хийхээр эхэлсэн хүн энэ бизнес санааг үргэлжлүүлэн хэрэглэж болно. Зураг дээр байгаа хоолнуудыг хараад идмээр санагдаж байгаа биз дээ?

Энэ хоолыг хийхэд амархан бөгөөд өртөг багатай. Хэн ч дурлаж чадах хоол юм.

Зураг дээр: Үхрийн махтай гурилтай шөл (1-р хоол)

Зураг дээр: Жантай гоймон (2-р хоол)

Хятадад хамгийн олон хүний таашаалыг хүлээсэн өртөг багатай хоол бол гурилтай шөл болон жантай гоймон юм. Бизнес аялалаар явж байх явцад сайхан Монгол хоолоо санасан үедээ Үхрийн махтай гурилтай шөл (牛肉面 - niu ryu mian) гэдэг хоолыг байнга иддэг. Жижиг гуанзууд 6 юань. Том сүлжээ ресторануудад 29 юань байдаг. Ямар ч хот тосгонд очсон энэ хоолыг амархаан олоод идчихнэ. Энгийн үгээр ойлгох юм бол үхрийн ясны шөлөнд чанасан гурил л даа.

Монголд яснаас шөл гаргах гэдэг бол асуудалгүй. Зах дээр шулсан ясыг үнэгүй шахам авна. Хэрчсэн гурилын үйлдвэрүүд хаа сайгүй байгаа. Тэгэхээр үндсэн түүхий эд хангалттай бэлэн байна аа гэсэн үг.

Манайд бэлэн хоол халуун усанд дэвтээж өгдөг цайны газар их байдаг. Бэлэн хоол худалдаж аваад, хоолонцор хийснээс үхрийн махтай гурилтай хоол хийвэл, хамаагүй хямд бөгөөд идүүр сайтай. Нэг жилийн өмнө үхрийн махтай гурилтай шөлний тооцоог бодож үзсэн.

Шөл үнэгүй. Хэрчсэн гурил 500 төгрөг. Гэвч хоёр хуваагаад 2 порц хоол хийнэ. 40 грамм мах 200 төгрөг. Нэг хоолны мах, гурил нь 450 төгрөг болж байна. (1 кг мах = 5000 төг) Хоолоо 2000 төгрөгөөр худалдахад л түүнээс илүү ашигтай бизнес гэж үгүй. (Энэ тооцоо 2016 оны байдлаар шүү)

Харин энэ бизнесийг эхлэхдээ сайн бодох хэрэгтэй. Аль болох олон газар жижиг гуанз нээвэл, зах зээлийг хурдан барьж авна. Эдгээр бүх гуанзуудын бэлтгэл хийдэг нэг цех байгуулах хэрэгтэй. Тэр цехэд ясны шөл гаргачихаар томхон тогоо байхад л хангалттай.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

“Хүчит шонхор” зах дээрээс өглөө бүрийн шинэхэн шулсан ясыг бөөндөн авч, чанаад л гуанзууд руугаа түгээнэ. Харин хэрчсэн гурилыг үйлдвэрүүд нь хүргээд өгнө. Гуанзуудад томхон аяга (Нэг хүнд томдохоор, хоёр хүнд багадахаар хэмжээний), цахилгаан юм уу эсвэл хийн тулга, шөл буцалгах том тогоо байхад болно.

Өлссөн хүн том аягтай гурилтай шөлийг хараад цадна. Харин дахин иртэл нь сайхан амтлаад, хэдэн бүхэл мах, сонгино хийхэд л гайхамшиг бүрдэнэ. Аз болоход энэ сайхан хоол хот болон хөдөө орон нутагт тийм түгээмэл биш байгаа тул даруй эхлүүлээрэй. Бизнест бусдаас өрсөх чадвар амжилтыг дагуулна.

Бизнес санааг нийтлэсэн: Суусан цэцэн биш явсан тэнэг хэмээх Ц.Энхтайван

БИДНИЙ ХАЯГ

Баянзүрх дүүрэг 26-р хороо, Дүнжингарав захын урд талд,
Глобал Олон улсын дунд сургуулийн хашаанд 207-р байр.


ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа-Бямба: 10:00 - 18:00
Ням: Амралтын өдөр.

Зочидын мэдээлэл

  • Манай нийт зочид: 17601837

Манай зочид

Тантай хамт 948  зочин манай сайтын мэдээллийг сонирхон үзэж байна.

Нэвтрэх