Шведийн нэгэн рестораны эзний гайхамшигт бизнес санаа нэг байна. Шведэд ажиллаж байсан Монгол залуу энэ түүхийг надад ярьсан юм.

Монгол залуу маань Шведийн Калмар гэдэг хотын нэгэн ресторанд зөөгчөөр ажилладаг байжээ. Хамгийн гайхалтай нь, тэр рестораныхаа эзнийг огт мэдэхгүй байсан бөгөөд зөвхөн заалны зохион байгуулагчтайгаа л харьцдаг байв.

Хүний нутагт мөнгө олж, амьдралаа дээшлүүлэх гэж ирсэн болохоор, тэрээр ажилдаа идэвхи зүтгэлтэй, үнэнч шудрагаар хандана. Тийм ч учраас рестораны эзний талархал илэрхийлсэн нэмэлт цалин байнга авна.

Мөн рестораны эзэн түүний өдөр тутмын алхам бүрийг алган дээрээ байгаа мэт мэдээд байгаа учрыг нь тайлж чаддаггүй байв.

Тэр ч бүү хэл гэдэс нь өвдөөд, “00-ийн өрөөнд 30 минут суулаа” гэхэд Рестораны эзэн нь эм хүртэл өгүүлж байсанд мэл гайхаж, цэл хөхөрчээ.

Заримдаа тогооч нарт үйлчлүүлэгч нарын талархалын бэлэг ирнэ. Хүнд “Амт” хэмээх аугаа таашаалыг хүнд төрүүлэх урмыг өдөржин халуун тогооны ард зогсож байсан хүн л мэднэ. Бэлэг авах бүрт тогоочийн “сэтгэл” хийсэн хоолонд нь шингэн, өөртөө итгэх итгэл нь бадардаг. Бусад тогооч нар ч гэсэн ийм бэлэг авахыг бас хүснэ шүү дээ.

Чин сэтгэлийн магтаал ямар их сэтгэлийн баяр баясгалан төрүүлдэгийг сайхан хоол хийдэг эзэгтэй нараас асуугаарай.

Зарим ажилчид рестораны үйл ажиллагаанд оршиж байгаа дутагдлыг далдуур шүүмжлэнэ. Гэвч тун удахгүй рестораны захиргаа тэр шүүмжлэлийг сонссон юм шиг засч, залруулна.Бууж мордох хорвоод, буруу зөв хоёроо ялган харах ухааныг бусдын ярианаас олж чаддаг “Нууц эзэн”-ийн мэргэн арга биширмээр.

Мөн ажилчдын ар гэрт учирсан хүнд асуудлыг “Нууц эзэн” аль хэдийн мэдчихнэ. Тэгээд тусламжын гараа сунгачихсан байдаг нь хачирхалтай. Зовсон хүнд бүхнээс түрүүн туслах гэж яардаг “Нууц эзэн“ хэн бэ? Ажилчид өгөөмөр занг нь бишрэхээс өөр арга үгүй.

Мөн ажилдаа хуурамч сэтгэлээр хандсан, бусдад буруу үлгэр дууриал үзүүлсэн хүмүүсийн увайгүй үйлдлийг “Нууц эзэн” сонсчихсон байдаг. “Илжгийг эвийлэх хэрэггүй, тэнэгийг тэжээх хэрэггүй” гэгчээр, маргааш нь тэд ажлаас халагдана. Хамт олны дотроос хэн нь “Нууц эзэн”-д алтан хошуу хүргээд байгаа нь бас нууцлаг. Хүмүүс энэхүү далдыг хараад байгаа “Үл үзэгдэгч”-ийг хайж, тайлагдашгүй оньсого мэт “Нууц эзэн”-ийн тухай янз бүрийн таамаглал дэвшүүлэвч, хэн ч хариуг нь олоогүй.

Ажилчид “Рестораны анхны эзэн нь орноосоо босч чаддаггүй өндөр настан байдаг” гэдгийг ууган ажилчин болох үүдний харуул өвгөнөөс сонсчээ. Хэвтрийн өвгөн “Үл үзэгдэгч хүн”-ий дүрд тоглон, далдыг харах чадваргүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэвч энэ нууцыг хэн ч тайлж чадахгүй.

Монгол залуу маань нэг жил ажиллахдаа, “Нууц эзэн”-ийн бүрдүүлж чадсан сайхан хамт олондоо их дассан байлаа. Гэвч сайхан амьдрал нь удаан үргэлжилсэнгүй.

Ар гэрээс нь дуудлага ирж, арга буюу нутаг буцах болжээ. Тэрээр нутаг буцахаар онгоцны буудлын хүлээлгийн зааланд харамсан сууж байхад нь хамт ажилладаг зөөгч залуу нь ирж, 5000 доллор өгөөд:

- Чам шиг хичээл зүтгэлтэй зөөгчөөсөө салж байгаадаа маш их харамсаж байна гэжээ.

Хамгийн гайхалтай нь, Үл үзэгдэгч “Нууц эзэн” нь түүний хамгийн дотны найз зөөгч залуу нь байсан гэнэ ээ. Хамт олныхоо дотны туслагч нь болж, жаргал зовлонг нь хуваалцаж, хайр хүндэтгэлийг нь хүлээж явдаг жирийн зөөгч найз нь хэвтрийн өвгөний хүү нь байжээ.

Рестораны “Өв залгамжлагч эзэн” залуу маань хамт олноо бүрдүүлэхийн тулд өөрийгөө чандлан нууцлаж, жирийн зөөгчийн ажил хийдэг байсан байна.

“Нууц эзэн” ганцхан заалны зохион байгуулагчид ажлын зааварчилгаа өгч, өөрийгөө нууцалдаг байсан тухай бизнес санаагаа үүгээр өндөрлөе!

Нууц эзнээс сурах зүйл юу байв?

1. “Ажилтнуудаа хянаж ажиллахгүй байна гэдэг тэдэнд хэтэвчээ нээгээд үлдээнэ гэсэн үг.“ Иймд түүний хараанаас ямар ч бусармаг үйлдэл мултарч чаддаггүй байжээ.

2. “Сайн найз нөхөдтэй байхын тулд өөрөө сайн найз байх хэрэгтэй.” Иймд “Нууц эзэн” бүх ажилчинтайгаа эелдэг харьцаж, эвсэг байхыг эрхэмлэнэ. Тиймээс ч хүн бүр түүнд хайртай.

3. “Алдааг тань шүүмжлэгч нар хамгийн дотны нөхөр тань мөн. Жинхэнэ нөхөрлөлийн утга учрыг нээн харуулж чадах үг бол чин шударга шүүмж байдаг.”

Иймээс “Нууц эзэн” цөөн заримтай нь л илэн далангүй байдаг байсан бөгөөд тэд нар голдуу далдуур “Шүүмжлэгч” нар нь байсан гэнэ.